Visa Inc.-н Хээл хахуулийн эсрэг бодлого

1.0 Зорилго

Visa Inc. нь АНУ-ын Гадаад авлигын тухай хууль, Их Британийн хээл хахуулийн тухай хууль болон дэлхий даяарх хээл хахуулийн эсрэг холбогдох хууль тогтоомжийн шаардлага, хязгаарлалтыг дагаж мөрдөхийн тулд энэхүү Хээл хахуулийн эсрэг бодлого (“Бодлого”)-ыг баталсан.

2.0 Хамрах хүрээ

Бодлого нь Visa Inc. болон түүний салбар компаниуд (“Visa” эсвэл “Компани”)-ын бүх захирал, албан тушаалтан, ажилтан болон гэрээт ажилчдад (“Visa-н ажилтан”) хамаарна.  Энэхүү бодлогыг Компанийн бусад бодлого, журам, удирдамж, тухайлбал Бизнесийн ёс зүйн дүрэм болон Аялал, зардал, худалдан авалтын картын хөтөлбөрийн бодлого зэрэгтэй хамт унших ёстой. Гэсэн ч энэхүү Бодлого нь илүү хязгаарлагдмал байх хэрээр энэ нь Компанийн холбогдох бусад бодлого, журам (бэлэг, хоол, зугаа цэнгэл гэх мэт)-ыг орлоно. Энэхүү Бодлогыг бусад хэл рүү орчуулж болох бөгөөд орчуулсан тохиолдолд англи хэл дээрх хувилбар давуу байна.

Бүс нутгийн Ёс зүй, нийцэл, хууль эрх зүйн хэлтсүүд нь урьдчилан батлах журам шаардлагатай газарзүйн онцлог эсвэл улс орны онцлогт тохирсон зардлын босго хэмжээг боловсруулж болно. Бүс нутгийн Ёс зүй, нийцэл, хууль эрх зүйн хэлтсүүд энэхүү Бодлогын талаарх асуултад хариулж, зах зээлтэй холбоотой аливаа үйл явцын талаар зааварчилгаа өгөх боломжтой.

3.0 Бодлогын мэдэгдэл

Компани нь зах зээл дээрх шударга, жудагтай өрсөлдөөнөөр бизнест ялалт байгуулахыг эрмэлздэг. Энэхүү Хээл хахуулийн эсрэг бодлого болон Хээл хахуулийн эсрэг бодлогын удирдамж (Хавсралт А)-ийг дагаж мөрдөх нь Компанийн хүн бүрийн үүрэг хариуцлага юм. Захирлуудын зөвлөл болон түүний Аудит, эрсдлийн хороо, Гүйцэтгэх захирал, дээд удирдлага, Ёс зүй, нийцлийн албаны захирал бүгд Компанийг бизнесийн харилцаандаа хууль эрх зүй, ёс зүйн дээд хэм хэмжээг дагаж мөрдөхийг баталгаажуулах онцгой үүрэгтэй. Visa нь бизнес эрхлэхдээ хээл хахуулийн эсрэг холбогдох хууль тогтоомжийн үндсэн санааг дагаж мөрдөнө.  Өөрийнх нь шийдвэр, арга барилд зүй бусаар нөлөөлөх санаатайгаар эсвэл тэгж харагдан зохисгүй үйлдлийг урамшуулах зорилгоор хэн нэгэнд үнэ бүхий зүйл, зохисгүй давуу талыг шууд болон шууд бусаар амлах, зөвшөөрөх, санал болгох, өгөх, хүлээн авах, шаардахыг хатуу хориглоно.

Компани нь хээл хахуулийн эсрэг хууль тогтоомжийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг АНУ-ын корпорацын хувьд тус Компани нь АНУ-ын Гадаад авлигын эсрэг хууль (FCPA)-д захирагдана. FCPA нь АНУ-ын бус албан тушаалтны албан тушаалаараа гаргах аливаа үйлдэл, шийдвэрт нь нөлөөлөх зорилгоор АНУ-ын бус засгийн газрын албан тушаалтнууд (АНУ-ын бус засгийн газрын бүх түвшний ажилтнууд, түүнчлэн төрийн өмчит санхүүгийн байгууллага гэх мэт төрийн өмчит эсвэл төрийн мэдэлд байдаг арилжааны аж ахуйн нэгжийн ажилтнууд, АНУ-ын бус улс төрийн нэр дэвшигчид, улс төрийн намууд, эсвэл намын албан тушаалтнууд, олон нийтийн олон улсын байгууллагууд)-д шууд болон шууд бусаар үнэ бүхий зүйлийг амлах, зөвшөөрөх, санал болгох, өгөхийг хориглосон эрүүгийн заалттай хууль юм. FCPA нь Компани болон Visa-н дэлхий даяарх ажилтнуудын зан үйлд хамаарна. Компани нь АНУ-ын засгийн газрын ажилтнууд авч болох бизнесийн урамшууллын талаарх хэд хэдэн хууль тогтоомжийг дагаж мөрддөг. Эдгээр дүрмийг зөрчиж, АНУ-ын засгийн газрын албан тушаалтан эсвэл албан хаагчид бэлэг, дэмжлэг, бусад урамшуулал амлах, санал болгох, хүргэх нь Компанийн бодлогыг зөрчөөд зогсохгүй эрүүгийн гэмт хэрэг болж болзошгүй.

Компани болон Visa-н ажилтнууд мөн 2010 оны Их Британийн хээл хахуулийн тухай хууль (“Хээл хахуулийн тухай хууль”)-ийг дагаж мөрдөх ёстой. Хээл хахуулийн тухай хуульд засгийн газрын албан тушаалтнуудад хээл хахууль өгөх болон арилжааны хээл хахуулийг хориглосон байдаг. Хээл хахуулийн тухай хуульд хээл хахууль санал болгох, амлах, өгөх (энэ нь Хээл хахуулийн эсрэг бодлогын зорилгод санхүүгийн болон бусад давуу талыг илэрхийлнэ); хээл хахууль хүсэх, авахыг зөвшөөрөх эсвэл авах; эсвэл гадаадын төрийн албан тушаалтанд хахууль өгөхийг эрүүгийн гэмт хэрэг гэж үзнэ. Компани нь түүний нэрийн өмнөөс авсан хээл хахуулиас урьдчилан сэргийлж чадаагүйн улмаас хариуцлага хүлээх боломжтой бөгөөд мөн салбар компаниудын үзүүлж буй үйлчилгээг оролцуулан Компанийн нэрийн өмнөөс болон түүний нэрээр үйлчилгээ үзүүлж буй этгээдүүд хээл хахууль авахаас урьдчилан сэргийлэх зохих журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй.

FCPA болон Хээл хахуулийн тухай хуулиас гадна Компани нь дэлхий даяарх хээл хахуулийн эсрэг бусад хуулиудад захирагдаж болно.  

Хээл хахуулийн эсрэг хуулийг зөрчин аль нэг улсын засгийн газрын албан тушаалтан, төрийн албан тушаалтан (Хавсралт А-д тодорхойлсон)-д үнэ бүхий зүйл өгөх, санал болгох, эсвэл тухайн албан тушаалтанд аливаа хувийг санал болгож, өгч, амлана гэдгийг мэдсээр байж, эсвэл мэдэх үндэслэлтэй байхад гуравдагч талд хууль бусаар төлбөр төлөхийг хатуу хориглоно. Хөнгөвчлөх төлбөр—засгийн газрын ердийн үйл ажиллагааг хурдасгах эсвэл баталгаажуулах төлбөрийг—мөн хориглоно.

Эцэст нь, хээл хахуулийн эсрэг олон хуулинд хувийн этгээдэд хээл хахууль, хариу төлбөр амлах, санал болгох, төлөхийг хориглодог. Энэхүү Бодлого нь хүлээн авагчийн бизнесийн шийдвэрт зүй бусаар нөлөөлөх, урамшуулах зорилготойгоор эсвэл тэгж харагдан үйлчлүүлэгч, боломжит үйлчлүүлэгч, худалдагч эсвэл бусад бизнесийн түнш гэх мэт аливаа гуравдагч талд үнэ бүхий зүйл болон бусад давуу талыг амлах, зөвшөөрөх, санал болгох, өгөх, хүлээн авах, шаардахыг хориглодог.

4.0 Хариуцлага

4.1 Бодлого ба Хөтөлбөрийн эзэмшигч

Ёс зүй, нийцлийн албаны захирал нь Бодлого, Хөтөлбөрийн эзэмшигч бөгөөд Бодлогыг удирдаж, энэ Бодлогыг хэрэгжүүлэх, үүний зорилтуудад хүрэхэд чиглэсэн журам, арга хэрэгсэл, харилцаа холбоо, сургалтыг багтаасан бодлогын хүрээг боловсруулна. Глобал Ёс зүй, Нийцэл нь Visa-н холбогдох ажилтнуудад зориулан жил бүр зохион байгуулдаг Бодлогын талаарх сургалтад хяналт тавина.

4.2 Гүйцэтгэх санхүүжүүлэгч

Бодлогын Гүйцэтгэх санхүүжүүлэгч нь Ерөнхий Зөвлөл юм.

4.3 Бодлогын хяналт

Корпорацын Эрсдлийн Хороо (CRC) нь энэхүү Бодлогын засаглалын хяналтыг Глобал Ёс зүй, Нийцлээс үе үе шинэчилж байх замаар хангана.  

4.4 Үл хамаарах зүйлүүд

Энэхүү Бодлогод үл хамаарах зүйлсийг Бодлого эзэмшигч, Бодлогын хуулийн зөвлөх болон CRC урьдчилан батлах ёстой. Бодлого эзэмшигч нь Бодлогын үл хамаарах зүйл, чөлөөлөлтийг хянах болно.

5.0 Зөрчлийг шалгах

Компани нь энэхүү Бодлоготой холбоотой аливаа зөрчил, сэжигтэй зөрчлийн талаар хүлээн авсан бүх мэдээллийг шалгах бөгөөд сайн санааны үүднээс гаргасан мэдээлэл, гомдолд аливаа төрлийн хариу авах арга хэмжээ авахыг үл тэвчинэ. Visa-н Бизнесийн ёс зүйн дүрэм нь мэдээлэл, гомдол гаргасан бүх хүмүүсийг хамгаалдаг бөгөөд Visa-н ажилтнууд ёс зүйн зөрчилтэй холбоотой дотоод шалгалтад хамтран ажиллах ёстой.

Энэхүү Бодлого, Компанийн Бизнесийн ёс зүйн дүрэм эсвэл холбогдох хууль тогтоомжид харш аливаа үйлдэл нь орон нутгийн хууль ёсны шаардлагын дагуу ажлаас халах хүртэл сахилгын арга хэмжээ авахад хүргэж болно.

6.0 Бодлогын тойм

Бодлого эзэмшигч нь Бодлого ач холбогдолтой хэвээр, бизнесийн зорилтуудыг хангахад үр дүнтэй байгаа эсэхийг баталгаажуулахын тулд жил бүр хамгин багадаа нэг удаа түүнийг хянан үзэж, шаардлагатай бол шинэчлэлт хийхийг CRC-д санал болгох үүрэгтэй.

7.0 Бодлогын нийцлийг баталгаажуулах

Энэхүү Бодлого болон түүний журам нь Бодлогын хэрэгжилтийн үр дүн, байнгын нийцлийг тогтоохын тулд Глобал Ёс зүй, Нийцлийн баталгаажуулалт ба/эсвэл дотоод аудитын хяналтад тогтмол хамрагдана. Илэрц болон нөлөөллийг бууруулах стратегийг холбогдох талуудтай нягталж үзэж болно. Материаллаг илэрцийг CRC ба/эсвэл Захирлуудын зөвлөл, эсвэл түүний төлөөлөгчдийн хороодод зохих ёсоор мэдээлнэ.

8.0 Холбогдох баримт бичиг

  • Аялал, зардал, худалдан авалтын картын хөтөлбөрийн бодлого
  • Глобал картын хөтөлбөрийн удирдамж—Аялал, зардал, худалдан авалтын карт